Эдийн засгийн уналт, эрх мэдлийн төлөөх тэмцэл, баялгийн тэгш бус хувиарлалтаас үүдэлтэй ядуурал, ажилгүйдэл Монгол Улсыг дампуурал руу чирч байгаа билээ. Энэ дампуурал, сүйрлийн эх үндэс Үндсэн хуульд бий гэсэн тайлбарыг улс төрийн хүчнүүд, эрдэмтэн, судлаач нар олон жил ярьсан. Бидний мэдэхээс Үндсэн хуулинд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудал 10 гаруй жил гурван УИХ дамжин яригдсан ч үр дүнд хүрсэнгүй.
БНН-ын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тодорхой асуудлууд дээр дэмжиж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39-өөс доошгүйн саналаар хуулийг эцэслэн баталдаг болно. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын албан тушаалыг хавсарч болно. УИХ улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглоно гэх мэт заалтууд бий.
Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, хариуцлагаа хүлээх, “давхар дээл”-ийг тайлах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах гэх мэт олон санал нийлэх асуудлууд байна. Монгол Улсын Үндсэн хууль тунхаг шинжтэй, мөрийн хөтөлбөр биш ч гэлээ өөрчлөлтөөр дамжуулан улс оронд хувьсгал хийх боломж бий гэсэн нийгмийн хүлээлт байгаа учраас дэмжиж байна. Дахин хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тогтолцооны гажуудлыг засах, улс орны дампуурлаас аврах оролдлого юм.
Сэтгэгдэл бичих