С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, АТГ-аас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.
Тэгвэл ШШГЕГ-ын хоёр ажилтны нэг нь өмнө нь Тагнуулын ерөнхий газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх ба хоригдохоосоо өмнө ШШГЕГ-т албан тушаал хашиж байжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх этгээдийг Үржнээгийн Отгонбаяр гэдэг ба тэрбээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэлээ.
Энэ хэргийн шалгалтын явцад тагнуулын байгууллага хяналт тавин ажиллаж байгаа ба ялтнуудыг эрүүдэн шүүхийг даалгасан этгээдүүдийг илрүүлэхээр хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл бичих