Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь монгол улс гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орнуудын тусламж дэмжлэгийг авч хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Монгол Улсаас НҮБ, түүний системийн байгууллагуудын хүрээнд явуулж байгаа идэвхтэй үйл ажиллагааны нэг чухал хэлбэр нь удирдах байгууллагад сонгогдож гишүүнээр нь ажиллах явдал юм. Тухайлбал, манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлд хоёр удаа, НҮБ-ын эдийн засаг нийгмийн зөвлөлд хоёр удаа, нийгмийн хөгжлийн комисст гурван удаа сонгогдсон юм.
Мөн НҮБ-ын байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч, хүний эрхийн зөвлөл, хөгжлийн комисст сонгогдон ажиллаад байна. Харин НҮБ,түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй долларын тусламж үзүүлсэн. Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсаны дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая доллар, 2007-2011 онд 40 сая ам.доллар, 2012-2016 онд 88.3 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна. 2017-2022 онд хэрэгжүүлэх НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичгийн дагуу байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, олон нийтийн дуу хоолой тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг үзүүлэх юм. 2020 оны байдлаар НҮБ-ын 16 байгууллага улсын хэмжээнд 163 долларын санхүүжилттэйгээр 174 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ дараах үгийг хэлж байсан юм. Тэрээр “Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно.Мөн Нэгдсэн үндэстний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана” гэсэн юм.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын хөтөлбөрүүд хэрэгжсээр ирсэн. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжиж, эдийн засгийн хямарсан 1990-ээд оны эхэн үе, цаашлаад Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулах, мөн хамгийн сүүлд коронавирусний тахал зэрэг хүнд цаг үед НҮБ,түүний системийн байгууллагууд санхүүгийн,материаллаг болон арга зүйн туслалцаа үзүүлж ирсэн юм. Харин Монгол Улс НҮБ-ын гишүүний татварт төсвийнх нь 0.005 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг. НҮБ-ын ердийн төсөвт 2013 онд 76.448.00 ам.доллар, 2017 онд 126.114.00 ам.доллар, 2021 онд 144.628 ам.долларыг тус тус төлсөн байна.
Сэтгэгдэл бичих