Төрийн соёрхолт зохиолч С.Удвал агсны 100 жилд зориулсан “УЛААН ЦЭЦЭГ” киноны зураг авалтыг Булган аймаг төрөлх нутагт нь хийнэ.
“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Булган аймгийн анхдагч, алдартан Сономын Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “УЛААН ЦЭЦЭГ” уран сайхны киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээхээр болжээ. Өнөөдөр уг киноны найруулагч, жүжигчин СТА Ц. Ганзориг Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ болон аймгийн соёл урлаг , ОБГ-ын төлөөлөлтэй уулзаж, кино зураг авалтын бэлтгэл ажлын тухай ярилцлаа.
Ядуу ардын өнчин охины ээдрээт хувь заяа хэрхэн эргэж, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болсон тухай, хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна гол дүрийн амьдралтай хамт тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх юм.
Киног 2022 оны эхний улирал буюу 3 сарын 8 -нд нээлтээ хийн дэлгэцэд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Булган аймгийн төв болон Орхон , Бугат, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумдуудад зураг авалт хийгдэхээс гадна энэ сарын 20-нд 70 гаруй уран бүтээлчид ирж киноны зураг авалт албан ёсоор эхэлнэ. Гол дүр С.Удвал агсаны дүрд СТА жүжигчин Г. Ундармаа тоглоно.
Сэтгэгдэл бичих