Хотын дуу чимээ, түгжрэл, ажлын ачааллаас түр хугацаанд холдож, амралтын өдрөөрөө агаар салхинд гарсан нийслэлийнхэн Туулын эргээ барааддаг. Гэвч Covid-19 халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед олноор цуглахгүй байхыг албаныхан анхааруулж байгаа. ИймээсБаянзүрх дүүргийн товчооны Туул голын орчим амарч буй хүмүүс УОК-оос өгсөн дэглэмийг хэрхэн баримталж, амарч зугаалж байгааг сурвалжиллаа.
Цаг агаар огцом дулаарсан амралтын өдрүүдэд Туул голын орчим хүний хөлд дарагджээ. Иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлахаас илүүтэй хаврын ядаргаагаа тайлахыг хүсч, хүн хоорондын зайг умартсан харагдана. Амны хаалт зүүсэн хүн ч алга.
Нийслэлээс холгүй тухтай газарт очиж гэр бүл, анд найзуудаараа агаар салхинд гарах зорилготой иргэд Тэрэлж болоод Туул голын сав газарт тухалдаг. Тиймээс амралтын өдрүүдэд хотоос зүүн тийш гарах хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ. Ихэнх хүн гэр бүлийн хамтаар Тэрэлжийн зүг явдаг бол өдрөөр салхинд гарах амрагчид өөрт ойрхон байршлыг сонгодог жишигтэй. Цар тахлын улмаас хөл хорионд байсан иргэдэд зуны улиралд аялж, зугаалах хүсэл төрөх нь лавтай. Мод, зүлэг ногоорч, цэцэгс дэлбээлж, бороо хур тэгширч байгаа зуны өдрүүдэд Туулын урсгалын шуугих чимээг сонсч, аав, ээж, үр хүүхэдтэйгээ нэг өдрийг голын эрэгт өнгөрүүлэх сонирхолтой иргэд сүүдрэвч барьж, шорлог хийж суугаа харагдав.
Бүгд л цэвэр агаарт гарсандаа сэтгэл хөөрч найзуудаараа ам уралдан ярилцаж, гэр бүлээрээ тойрон сууцгаана. Хөл хорионы хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал баримталж байсан иргэд хөдөө явах сургаар нэг машинд олноор амны хаалтгүй сууж яваа төрх ч автомашинуудын цонхоор харагдаж байсан юм.
Тун удахгүй зуны сар дуусч, нар буцна. Гэтэл энэ хугацаанд нар ээгисэн зуны дэлгэр өдрүүд тоотой хэдхэн тохиосон билээ. Бямба, Ням гаригт агаарлахаар Туул гол дээр ирсэн хүмүүс дор бүрнээ л орчин нөхцөл, олон жилийн өмнө яригдаж байсан улиг болсон хогны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй талаар санал, бодлоо хуваалцав. Ядаж хүний биологийн хэрэгцээ хангах боломжтой бие засах газар зайлшгүй тулгамдаж байгааг хэлсэн юм. Харин халдвар хамгаалалтын дэглэмийн тухайд вакциныхаа бүрэн тунд хамрагдсан. Тэгээд ч Covid-19 халдвар дотоод орчинд агаарын солбицолгүй нөхцөлд тархдаг учраас хүүхдүүдээ амны хаалтгүй тоглохыг зөвшөөрсөн хэмээн хэлж байв.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтмол өсч, 1000 давж байгаа статистик гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Мөн нийт хүн амын гуравны нэг хэсэг нь хүүхдүүд бөгөөд хүүхдийг вакцинжуулах асуудал хараахан албан шийдвэрийн хэмжээнд яригдаагүй байгаа. Гэтэл өвчлөлийн эрсдэл өндөр байгаа энэ үед үр хүүхдүүдээ халдвараас сэргийлж байгаа хэлбэр төдийлөн анзаарагдсангүй. Мөн Туул гол орчмын сав газрын цэвэрлэгээ дутмаг, ариун цэврийн нөхцөл байдал бохир байгааг иргэд учирлана.
Жаахан салхи гарвал ил цэгт хаясан хог нь хийсч энд тэнд тарж, түүнийг нь нохой з.ууж, тараана. Эцэг эхчүүдийн зүгээс хяналт тавьж байгаа ч минут тутамд үр хүүхдээ ажиглах боломжгүйгээс хүүхдүүд нь бохир зүйлсээр тоглох, гараараа хоол ундаа идэх гээд вирус дамжих эрсдэл үүсч байгаа гэхэд хилсдэхгүй. Мөн үүнээс гадна амралтын бүсүүдэд амрагчдад зориулсан нийтийн бие засах газрыг байршуулах шаардлага зайлшгүй үүсч байна. Баянзүрхийн товчооны Туул гол орчмын талбайг айлууд эзэмшиж хашаалж, амрах газар эрсэн хүнд аятайхан амрах тав тухтай талбай тун бага үлджээ. Айлууд дундуур сүлжиж туулын эрэг рүү дөхөх тусам хийсэх хог хаягдал, бохир орчин угтана. Машин сүлжилдсэн замаас үүдэн ногоон зүлэг багасч, сул шороо ихэсэх аж. Замын сул шороо салхилах бүрт хүчтэй шуурч, амрагчдын майхан, шүхрийг хийсгэх шахам л болж байхад иргэдэд тоож байгаа зүйл байсангүй. Хог нь хийсч ирээд л наалдчихгүй бол болно доо гэх хандлагатай иргэд байхад асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй гэх иргэд ч сэтгэгдлээ бидэнд хуваалцсан юм.
“ХҮҮХДҮҮД МААНЬ ХОГОН ДЭЭР ТОГЛООД БАЙГАА ЮМ ШИГ СЭТГЭГДЭЛ ТӨРДӨГ”
ИРГЭН Г.БЯМБАЦЭЦЭГ:
-Хогоо ил задгай хаях асуудлын тухайд амрагчид өөрсдийн хэрэглэсэн зүйлийн үлдэгдлээ уутанд хийгээд авч яваад хогийн цэгт хаях нь зүйтэй санагддаг. Голын эрэг дагуу хүмүүсийн үүсгэсэн 2-3 хогийн цэг харагдаж байгаа ч тэр хэсэгт хэрэв хог хаявал жаахан хүчтэй салхилах юм бол хийсээд л гол руу орох магадлалтай. Эсвэл уутлаад хаясан байлаа гэж бодоход нохой ирээд задлаад тараах боломжтой. Тиймээс хогоо иргэд аль болох машиндаа авч явах нь зүйтэй. Миний хувьд ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд багаас нь эхлээд байгаль эх дэлхийгээ хайрлах, хогоо ил задгай хаяхгүй байх, хүнийг хүндлэх арга ухааны талаар хичээлийн хөтөлбөртөө тусгаж өгөх нь зөв болов уу гэж боддог. Тэгж чадвал ирээдүйд залуу үе маань илүү ухамсартай хандлагатай болох байх. Үүнээс гадна зөвхөн иргэдээс гэхээс илүүтэй нийслэлийн зүгээс, хариуцсан албан хаагчдын анхаарах асуудлууд ч байна. Тухайлбал, хогийг тогтмол ачиж цэвэрлэх, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатай санагдлаа. Ингэснээр аялагчид тав тухтай агаарлах боломж гарна. Тэгэхгүй бол хүүхдүүд маань хүний хогон дээр тоглоод байгаа сэтгэгдэл төрдөг.
“ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ДАГУУ БИЕ ЗАСАХ ГАЗАР ЗАЙЛШГҮЙ БАЙРШУУЛАХ ЁСТОЙ”
ИРГЭН С.ОНОНЦЭЦЭГ:
-Иргэд нэг үеэ бодвол харьцангуй соёлтой болжээ. Хамгийн чухал зүйл нь ариун цэврийн байгууламжийн асуудал. Хүний хэрэгцээний дагуу бие засах газар зайлшгүй байршуулах ёстой. Гадаадын улс оронд бол амралт зугаалгын бүсэд нийтийн ариун цэврийн явуулын цэгийг ч байршуулсан жишээ олон бий. Монгол Улсад аялагчид олноор очдог газартаа ядаж улирлын чанартай нийтийн бие засах газар байршуулах ёстой санагддаг. Тэгэхгүй бол иргэдэд бие засах, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хаана хаях гээд асуудлууд яригдана. Халдвар хамгаалалтын дэглэмийн тухайд агаарт гарч байгаа учраас амны хаалт зүүгээгүй. Мэдээж олон хүнтэй газраар явахдаа дэглэмээ баримталж байгаа. Харин одоо бол гэрийнхэнтэйгээ байгаа учраас амны хаалт зүүгээд бээлий өмсөөд байх боломжгүй шүү дээ. Хөл хорио тогтоох асуудал дээр тархалт энэ хэвээр нэмэгдсээр байвал тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байгаа.
ИРГЭН Э.УНДАРМАА:
-Гэр бүлээрээ салхинд гарахаар ирсэн. Бидний байршсан газарт хог их байсан учраас түүхээр шийдсэн. Хүмүүс хэрэглэсэн зүйлийнхээ хог хаягдлыг байршиж байсан газартаа үлдээгээд явчихдаг. Уг нь бол эсрэгээрээ байгальд үнэгүй амарч зугаалж байгаа юм чинь хогийг нь цэвэрлэх ёстой санагддаг. Халдвар хамгаалалтын дүрэм журмыг сайтар сахихыг өдөр бүр анхааруулж байгаа. Тиймээс вакциныхаа бүрэн тунд хамрагдаж, аль болох тогтмол амны хаалт зүүхийг хичээж байгаа.
ИРГЭН Г.БАТБОЛД:
-Хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Миний хувьд гэр бүлээрээ агаар салхинд гарахдаа хогоо хэзээ ч ил задгай хаядаггүй. Энэ хавийн газар бол иргэдийн суурьшлын бүс болчихсон. Тиймээс тохижилтыг маш сайн хийх хэрэгтэй. Заавал гадаадын улс орон шиг хийгүй юм аа гэхэд цэвэр орчинг бүрдүүлээд өгвөл бусад нь асуудалгүй. Зүлэгжүүлэх, саравч барих, хогийг ангилж ялгах боломжтой цэг байгуулах гэх мэт хэрэгцээ байна. Хэрэв хогийг ангилж ялгах цэг байгуулаад хоёр хоногт нэг удаа хогийг нь ирж ачиж, орчныг цэвэрлээд байвал нийслэлийн өнгө үзэмж ч таатай болох шиг санагддаг. Хүн байгаа газар цэцэглэх ёстой байтал буруу хандлага, төлөвшөөгүй үзэл бодлоос болоод байгалиа сүйтгэж байгаа жишээ олон байна. Тиймээс зөв хандлагтай байх ёстой. Гэр бүлийн хүрээнд зай барих, маск тогтмол зүүх тал дээр бол анхаарч чадахгүй байгаа. Хэрэв нэг нь эрсдэлд орвол нийтээрээ л хариуцлагатай байх ёстой гэдгийг мэдэж байгаа.
Нийслэлийн иргэдэд нэг өдрийг амарч өнгөрөөх боломжтой чөлөөт цагаа тав тухтай орчинд өнгөрүүлэх боломжгүй болохыг иргэд учирлана. Наад зах нь бие засах газрын асуудлыг шийдээд өгвөл хэдэн төгрөгөөр байсан ч үйлчлүүлнэ гэдгээ мөн илэрхийлэв.
Цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэхийг хүсвэл хэн ч хандив, тусламжид гараа татахгүй тухай амрагчид хэлж байв. Мөн сүүлийн жилүүдэд залуус ухамсартай болж, өөрсдийн хэрэглэсэн хог хаягдлаа уутлаад авч явдаг сайн жишиг тогтжээ. Гэвч ухамсаргүй хүмүүсийн үйлдлийг уутнаас хальсан хог, хогийн цэгээс хийсэх уут гэх мэт хаягдал илтгэнэ.
Иргэдэд амрах орчинг бүрдүүлж, ая тухтай байх боломжоор хангавал ядаж нийслэлийн иргэд төдийгүй гадаадын жуулчдын өмнө нүүр улайхгүй. Эрүүл агаарт гэр бүлээрээ амарч зугаалах хүмүүс иргэний үүргээ ухамсарлаж байгаа ч амралтын бүс орчмын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тодорхой хэмжээний төсөв хөрөнгө батлагддаг нь тодорхой.
Тэр хөрөнгөөрөө Туул гол орчмоо ядаж цэвэрлэх цаг хэдийн болжээ. Иргэдийн зүгээс халдвар хамгаалалтын дэглэмийг агаар салхинд гарахдаа ч анхаарч байхыг хүсч байна. Олон нийтийн дунд халдвар хамгаалалтын дэглэм сахихгүйгээс болж үүсэх эрсдэл өндөр байгаа билээ. Иймд аялагчид эрүүл мэнд, аюулгүй байдлаа нэгдүгээр тавих хэрэгтэйг сануулъя.
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл бичих