Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн их дүйчэн өдрийг бүх нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр болгон хуульчилсан. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Их дүйчин өдөр энэ жил тавдугаар сарын 26-ний өдөр тохиож, монголчууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг хуульчлан батлагдсанаас хойш хоёр дахь жилдээ бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Их дүйчэн өдрийн утга учир хийгээд буддын шашны сургааль номлолын талаар Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.
Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Их дүйчэн өдрийн утга учрыг Та тайлбарлаж өгнө үү?
Бурхан багшийн амьдрал үйлсэд тохиолдсон гурван чухал үйл явдал нэгэн өдөр давхцаж байгаа өдрийг Бурхан багшийн Их дүйчэн өдөр хэмээн нэрийдсэн. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр Бурхан багш эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ гэгээрлийн хутгийг олох ёсыг үзүүлсэн, түүнчлэн нирваан дүр үзүүлсэн буюу дүрст лагшингаа номын агаарт хураасан өдөр юм. Их дүйчэн гэдэг нь “Их цаг” гэсэн утгатай үг бөгөөд эл гурван чухал үйл явдал нэг өдөр тохиосон учир бурхан багшаас хойш шавь, номын нөхөд нь Бурхан багшийн Их дүйчэн өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Энэ өдрөөс гадна Бурхан багшийн амьдрал зохионгуйд тохиосон гурван чухал өдрийг ч мөн онцлон тэмдэглэдэг.
Монголчууд Их дүйчэн өдрийг хэзээнээс тэмдэглэж ирсэн бэ?
Бурхны шашин Хүннү гүрний үеэс дэлгэрсэн гэж үздэг. Учир нь Монголын нутгаас олдсон Хүннү-гийн Алтан бурхан, археологийн олдворууд, түүхэн эх сурвалжуудаар батлагддаг. Жишээ нь, Хүннүчүүд эртний Хятадууд хоорондын дайн самууны үед олдсон гэгдэх Алтаар бүтээсэн бурхан багшийн дүр нь Хүннүчүүд бурхны шашин шүтдэг байсныг нотлох нэгэн баримт болсон гэж үздэг юм билээ. Бурхны шашинтай холбоотой соёлын ажиллагаа Хүннү гүрний үед явагдаж байсан тухай баримтууд цөөнгүй бий гэдэг.
Өнөөгийн бид 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр уламжлалт шашин, соёлоо сэргээсэн.
“Пихян хуушений замын тэмдэглэл буюу Баруунд зорчсон замын тэмдэглэл”-д баруунд буюу Хутагтын оронд зорчихдоо Монголын уудам нутгийн баруун өмнөд хязгаараар дамжин өнгөрсөн. Энэ үед олон хүн бурхны дүрийг залаад, ёслол хийж байгаатай таарсан гэх баримт бичигдэж үлдсэн. Хожмын судлаачид уг тэмдэглэлээс цаг хугацааг нь тооцоолон энэ үйл явдал зуны сард болсон бөгөөд монголчууд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэж байсан юм уу, Майдар эргэх зан үйлийг тэмдэглэж байжээ гэж дүгнэсэн байдаг. Түүнээс хойш ч монголчууд Их дүйчэн өдрийг тэмдэглэж байсан тухай түүхэн баримтууд цөөнгүй байдаг болов уу. Өнөөгийн бид 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр уламжлалт шашин, соёлоо сэргээсэн. Түүнээс хойш хот, хөдөөд сүм хийдүүд байгуулагдаж, “Гандантэгчэнлин” хийд үйл ажиллагаагаа оройлон явуулж, Монголын бурхан шашинтны төв хэмээн дахин баталгаажсан.
Шашин шүтэх, эс шүтэх эрхийг Үндсэн хуулиар тодотгосноос хойш 1992 онд анхны Төрийн тэргүүн П.Очирбат гуай өндөр Жанрайсигийн дуганы өмнө хүндэтгэл үзүүлж үгээ хэлж, 1000 оюутан залуус Жанрайсигийн хийдэд цугларч, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэж байсан түүхтэй. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлооно” гэж заасны дагуу явж буйгийн илэрхийлэл гэж ойлгодог. Бид ардчиллын ойлголтыг олон улсын жишээ, улс төр судлал, нийгмийн харилцаа, хууль эрх зүйгээр хэрэгжүүлж яваа байх. Харин “Хүмүүнлэг, энэрэнгүй” нийгмийг шашнаас авах юм байна гэж тухайн үеийн төр засаг, шашны зүтгэлтнүүд үзэж байсан гэдэг.
ХУУЛЬ ДҮРМЭЭС ИЛҮҮ ЁС СУРТАХУУНД БАРИГДДАГ ИРЭЭДҮЙ, ШИНЭ ҮЕИЙГ БИЙ БОЛГОХЫН ТУЛД БИД ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙХ УЧИРТАЙ
Бурхан багшийн дүйчэн өдрийг нийтээрээ тэмдэглэхийн утга учир нь юу вэ?
Хамгийн гол нь хүмүүнлэг, энэрэнгүй байх, хууль дүрмээс илүү ёс суртахуунд баригддаг ирээдүй, шинэ үеийг бий болгохын тулд бид чадах бүхнээ хийх ёстой болов уу. Их дүйчэн өдрийг энэ жил “Энэрлээр нэгдэж, Эвээр бүтээе” уриан дор тэмдэглэж байна. Эв нэгдэл, энэрэх, нигүүлсэх дадал хүн төрөлхтөн хийгээд монголчууд бидэнд нэн чухал юм байна гэсэн ойлголтоор энэ уриалгыг дэвшүүлсэн.
Исламын шашинтнууд сарын турш ч билүү амарч, тухайн шашныхаа мөргөл зан үйлийг гүйцэтгэдэг. Би ойлгохдоо үүний цаана хүн хүнээ хүндэтгэх, гэр бүлээ эрхэмлэх, эцэг, эх үр хүүхдээ ачлах, асрах зэрэг уламжлал, соёлын агуулга нь явж байна. Христийн шашинтнууд кристмас буюу Есүсийн мэндэлсэн өдөр, шинэ оны өмнө болон дараа долоо хоног нийтдээ 14 хоног бүх нийтээрээ амардаг. Энэ нь өөрсдийн шашны сургааль номлолд суурилсан ямар соёлыг тээж яваагаа мэддэг, мөн хайрлах энэрэх сэтгэлийг түгээх, гэр бүл, эцэг эхээ энэрэх хайр, хүндлэлийн баяр болгоход зорьдог юм уу гэж харагддаг. Азийн ард түмэн бид буддын шашин соёлд суурилдаг. Монголчууд бид Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр нэг өдөр бүх нийтээр амарч байгаа нь уламжлалт шашин соёлынхоо үнэ цэн, үзэл номлолыг улам илүү танин мэдэх утга агуулгатай.
Монголчууд бид Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр нэг өдөр бүх нийтээр амарч байгаа нь уламжлалт шашин соёлынхоо үнэ цэн, үзэл номлолыг илүү танин мэдэх утга агуулгатай.
Монголчуудын 80 гаруй хувь нь шүтдэг уламжлалт шашнаа танин мэдэх, сайн үйлийг бүтээхэд нэг өдрийг зориулж, цаашлаад 10 өдөр, улмаар жилийн 365 өдөр бүх нийтээрээ хайр энэрэл, эрдэм боловсролд тэмүүлдэг ард түмэн болохыг зорьж буй эхний алхам байгаасай гэж хүсдэг. Энэ өргөн агуулгыг харж, Бурхан багшийн их дүйчэн өдрийг өнгөрүүлэх нь зохистой.
Энэ жил Бурхан багшийн дүйчэн өдөрт зориулсан хурал номын уншлага “ТВ-9” телевизээр өглөө 05.00 цагт нэг өдрийн сахил буюу сожин хүртээснээр эхэлнэ. Сожин гэдэг нь нэг өдрийн сахил бөгөөд тэтгэн ариусгах гэсэн үг юм. Товчхондоо Их дүйчэн өдөр зүгээр нэг цагаан хоол идэх төдий биш, цагаан хоол идэж байгаагаа утга учиртай болгож буян үйлдэж буй хэрэг. Нэг өдрийн сахил авч хэрэгжүүлснээр энэ насандаа үлэмж буян хураана гэж судар шастирт үздэг. Үүний тулд өглөө эртлэн босоод, алганы хээ үзэгдэх төдий гэгээтэйд сожин хүртээдэг. Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн ном айлдаж, сожин хүртээх тухай ойлголтыг дэлгэрэнгүй сайхан тайлбарлаж өгнө.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сургааль айлдана гэж хөтөлбөрт тусгасан байсан?
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн Монголын ард түмэнд хандсан айлдвар мэндчилгээг 10.30 цагт МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулна. Бид бүхэн Далай багшаас Их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ илгээнэ үү гэж хүссэн. Далай багш Монголын ард түмэн Их дүйчэн өдрийг бүх нийтээр амарч, ёслол төгөлдөр тэмдэглэх болсон нь маш сайхан хэрэг гэж онцлоод, өөрийн биеэр очиж чадахгүй ч дэлгэцээр уулзаж, хүн төрөлхтөн, ялангуяа Монголын ард түмний сайн сайхны төлөө Бурхан багшийн сургаалийг айлдахдаа сайхан байх болно” гэж мэдэгдсэн. Мөн өнөөдөр Монголд байгаа олон шашны төлөөллийн тэргүүнүүд “Гандантэгчэнлин” хийдэд ирж, Энхтайваны төлөө залбирал үйлдэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ирж, мэдээ мэдээлэл хүргэх нь нээлттэй байх юм.
Их дүйчэн өдрөөр бүх нийтээр амрах тухай анх хуульчлахад олон нийт нэлээд шүүмжилж байсан даа?
Тийм ээ. Том зургаар нь харвал дүйчэн өдөр өргөн утга агуулга, ач холбогдолтой. Бид өөрийн гэсэн газар нутагтай, Үндсэн хуультай, шашин соёлтой, тусгаар тогтносон улс орон. Хүнлэг энэрэнгүй нийгэм, тусгаар тогтнолоо хойч ирээдүйдээ хэвээр нь үлдээхэд шашин шүтлэг, соёл хэрэгтэй юм. Шашин соёлоо хамгаалах, өвлүүлэх тухай ойлголт их хаадын үед ч байсан юм байна гэж бодогддог.
Жишээ нь, Хубилай цэцэн хаан “Олон шашныг хүндэтгэх нь улс орнуудтай эв эетэй байхын үндэс, олон шашныг шүтэх нь мөхөхийн үндэс” гэж хэлсэн байдаг. Утга нь олон улсыг эзэлнэ гэдэг нэг хэрэг. Олон шашныг дагана гэдэг өөр хэрэг гэсэн ойлголт юм болов уу. Ер нь олон улсыг эзэлж болно, бид нэг шашин соёлтой байх ёстой гэсэн үзэл эртнээс байсан. Тийм учраас Хубилай хаан буддын шашныг төрийн шашин хэмээн тунхаглаж, Пагва лам Лодойжалцанг төрийн багшаар залж дөрвөлжин үсгийг зохиолгосон түүхтэй.
Хубилай хаан буддын шашныг төрийн шашин хэмээн тунхаглаж, Пагва лам Лодойжалцанг төрийн багшаар залж дөрвөлжин үсгийг зохиолгосон түүхтэй.
Түүнээс хойш Халхын Абтайсайн хаан, Түмэдийн Алтан хаан нар буддын шашныг төрийн шашин болгон тунхаглаж, төрийн багшаар III Далай ламыг залснаар монголчууд Далай ламтай номын барилдлагатай болжээ. Үүнээс хойш монголчууд бид 11 үе дараалан Далай ламтай номын барилдлагатай явж ирлээ. Түүний дараа гурав дахь удаагаа VIII Богд Жавзандамба хутагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласнаас хойш төрийн ёслолыг Бурхан шашны сургааль номлолын дагуу явуулна гэсэн үзэл санааг бэхжүүлсэн.
Дэлхий дахинд АНУ хөгжил, эдийн засгаараа тэргүүлж байна. АНУ-ын төрийн тэргүүн нь Библи судар дээр гараа тавин тангараг өргөдөг. Хэдийгээр ийм хууль байхгүй ч шашнаа дээдлэх соёл уламжлал тогтсон байдаг юм билээ.
Америкийн төрийн ёслолын арга хэмжээ нь Христийн шашны сургааль номлолын дагуу явдаг. Үүнтэй адил ойлголтынг VIII Богд Жавзандамба хутагт 1911 онд гаргаж тавьсан байдаг. Төрт улс, тусгаар улсын иргэд олон монголчууд нэгдэж эрх чөлөөгөө дэлхий нийтэд тунхаглалаа. Бидний цаашид хийх төрийн ёслолууд Буддын шашны үзэл онолд тулгуурлан явагдана гэж үзсэн. Тухайн цаг үед монголчууд бүх нийтээрээ буддын шашинтан байсан. Ер нь Буддын шашин 2560 гаруй жилийн турш хүн төрөлхтөний оюун санааны өв болон уламжлагдаж ирэхдээ дөрвөн их урсгал чиглэлээр хөгжсөн. Үүний нэг болох III үеийн дэлгэрэлтэд Монгол газар дэлгэрсэн Шар малгайтны шашин номын ёсыг бид өнөөг хүртэл шүтэж, сургааль номлолыг нь дагаж байгаа билээ.
1500-гаад оноос хойш өнөөгийн 2020 оныг хүртэл монголчууд төдийгүй, Монгол туургатан нийтээрээ шарын шашныг шүтэж ирсэн түүхтэй. 2019 онд Богд лам Зонхова-гийн мэндэлсний 600 жилийн ой болсон. Бурхны шашны судар тарнийн ёсыг бий болгож, II ялгуусан хутагт хэмээн алдаршсан Богд Зонхова-гийн мэндэлсний 600 жилийн ойг бурхны шашинтай бүх улс үндэстнүүд тэмдэглэлээ. Тэмдэглэхдээ баяр, найр наадам хийгээгүй, буддын шашин, гүн ухааныг орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан судалж өнгөрүүлсэн юм. Энэ ойг тэмдэглэхэд Улаанбаатар хотод ОХУ-д харъяалагдах монгол угсаатан болох Халимаг, Буриад, Тува, Алтайн хязгаарын монголчууд, БНХАУ-ын нутагт харъяалагдах Өвөрмонгол, Шиньжаан-Уйгар, Дээд монголчууд гээд буддын шашинт монголчууд нэг үзэл, номлолын дор цугларсан. Энэ бүх монгол угсаатнууд буддын шашны зөвхөн нэг урсгалыг шүтдэг шүтэж байгааг нотлон харуулсан. Үүнээс урагш түүхээ мөшгиж харах юм бол 1911 онд монголчууд шашин соёл, оюун санаа нэгдмэл байж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан юм билээ.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР АМЬТНЫ АМИНААС ХАГАЦСАН ХООЛЫГ ТЭВЧИХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Монголчууд шашин соёлоосоо хөндийрсөн түүхийн ээдрээт цаг үеийн талаар Та дурдаач?
1924 оноос эхлэн 1990 оныг хүртэл монголчууд шашин соёлоосоо хөндийрсөн. Хөндийрсөн гэхээс илүү гадны бодлогоор хөндийрүүлсэн. Монголчуудыг эрхшээлдээ байлгахын тулд оюун санааных нь үнэт зүйлийг үгүй болгосон гунигт түүх. Харин 1990 оноос уламжлалт, шашин соёлоо сэргээгээд 30 гаруй жил боллоо. 1992 оны шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмний шашин шүтэх эрхийг дахин баталгаажуулсан.
Бурхан багшийн их дүйчэн өдрийг бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан нь нэг талаар олон улсын жишиг хандлагад дөхөж буй хэрэг гэж хувь хүнийхээ хувьд дүгнэдэг. Ингэж дүгнэх шалтгаан байна. 2019 оны “Гандантэгчэнлин” хийдийн “Батцагаан” дуганыг ашиглалтад оруулж, нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг олон улс үндэстний хэмжээнд зохион байгуулсан. Монгол Улсын төр засгийн бодлогын дор олон улсын байгууллагуудын санаачилгад тулгуурлан зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Дэлхийн томоохон шашинтнууд Буддист, Хинди, Христ, Сламын шашинтан, Христийн үнэн алдартны шашны төлөөллүүд оролцож, “Зөрчилдөөнөөс зайлсхийх, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах, эв нэгдлийг хангах” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөнх хаанаас хойш 600-700 жилийн дараа Монгол оронд олон шашны хэлэлцүүлэг явагдсан нь энэ юм билээ. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө бүх шашинтан нэгдэж, өөр өөрийн ёс уламжлал, шашны номлолоор дамжуулан хүн төрөлхтөнийг соён гэгээрүүлэх, нийтийн хүчээр нэгдсэн ойлголтоор дэлхийн олон тэрбум хүнийг аз жаргалтай, амар амгалантай оршиход нөлөөлж чадна гэж үзсэн.
Шашнаас болж зөрчилдөх, мөргөлдөх зүйл өнөөдөр ч байгаа. Энэ бүхнийг зогсоох, эв нэгдлийг эрэлхийлэх, өөр өөрсдийн уламжлалд суурилан хөгжих нь бүх нийтийн асуудал гэсэн үзэл санааг тухайн хурлаас дэвшүүлж, шинжлэх ухаанч байдлаар хэлэлцсэн.
Бурхан багшийн их дүйчэн өдөр махан хоолноос татгалзах нь зөв гэж үздэг. Та энэ талаар ямар тайлбар мэдээлэл өгөх вэ?
Бүх нийтээр амарч байна гэж буруу хорт зуршилд автахгүй. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буянд шамдах нь энэ өдрийн үндсэн зорилго. Буруу хорт дадал зуршлаасаа ангижрахын тулд архи, тамхи тэргүүтнийг тэвчиж, амьтны амьтай холбоотой хоол хүнснээс татгалзах нь зүйд нийцэх байх. Зун цагийг бидний өвөг дээдэс амьтай үндэстэй бүхэн дэлгэрдэг бөгөөд энэ цагт амьтай үндэстэй бүхнийг таслах нь маш их хилэнцтэй гэж үздэг. Тиймээс дүйчэн өдөр амьтны аминаас хагацсан хоолыг хэрэглэхгүй байхыг уриалдаг юм. Улмаар хулгай хийх, буруу явдал мөрийг тэвчье. Буруу явдал мөрийг тэвчвэл бие, сэтгэл эрүүлжиж, дархлаа сайжирна. “Гандантэгчэнлин” хийдийнхэн бид өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарилаа. Мод тарих аяныг Улаанбаатар хотоос гадна орон нутгийн хүрээ хийдүүдээр дамжуулан уриалж байна. Олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хүрээлэнгээс гадна аглаг зэлүүд газарт ч мод тарьж байна.
Бурхан бодисадва нарын сургаальд бид өөрөө амар амгалан амьдрахыг хүсвэл хүрээлэн буй бүхэндээ хайртай, хүндэтгэлтэй байхыг номлодог.
Есдүгээр Богд Жэвзүндамба хутагтын байгаль хамгаалах есөн сургааль бий. IX Богд Монгол оронд залраад цөөхөн жил ажрахдаа түмэн бодисыг тэтгэгч ус чандмань эрдэнийг хайрла гэж айлдсан. Бид энэ сургаалийг хэрэгжүүлэхийн төлөө олон жил зорьж явна. Нэг мод тарина гэдэг үй олон амьд бодгаль амьдрах шалтгааныг буй болгоно. Түүнийг шүтэж, нүдэнд үзэгдэх, үзэгдэхгүй тоо томшгүй олон амьтан оршино. Тэр олон амьтныг оршихуйн суурийг тавьж өгснөөрөө буяныг цаглашгүй хураана. Түүн лугаа түүнийг хорловол тэр модыг шүтэн амьдарч буй үй олон амьтны амийг егүүтгэсэнтэй адил нүгэл хилэнц хурааж байна гэж үздэг. Биднийг хүрээлэн оршиж буй бүхэн харилцан шүтэлцээтэй. Бурхан бодисадва нарын сургаальд бид өөрөө амар амгалан амьдрахыг хүсвэл хүрээлэн буй бүхэндээ хайртай, хүндэтгэлтэй байхыг номлодог.
Зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө гэх аминч үзлийг бурхны ном сударт хэрхэн тайлбарладаг вэ?
Энэ талаар Дээрхийн гэгээнтэн XV Далай багш үргэлж айлддаг. Өөрөө сайн сайхныг хүсэж байвал бусдыг хайрла, хүндэтгэ. Тэгж байж та хүссэн амар амгалан, аз жаргалдаа хүрнэ гэж айлдсан. Бурхан Будда бусдын төлөө амьдарсаар бүгдийн шүтээний орон болсон. Харин бид “би би” гэсээр эцэст нь бүгдийн боол болдог. Хүн төрөлхтөн бид өөрийн тусыг хичээж болно. Өөрийн тусыг эрхэмлэе гэж байвал бусдыг эрхэмлэ. Бусдын тусыг үйлдэх нь бусдад тустай мэт харагдах ч эцэстээ өөрт нь хэрэгтэй байдаг. Үзэгдэх байдал нь бусдад тусалж буй боловч эцэстээ өөрт нь л тустай байдаг гэдгийг үргэлж айлддаг. Энэ үзэл ойлголтуудыг бурхан багшийн Их дүйчин өдөр санаж, бусдыгаа уриалах, үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй болов уу.
Өнөөгийн бухимдалтай нийгмийг өөрчлөхөд шашин тусалж чадах уу?
Хөрөнгө мөнгө тусалдагсан бол өдийд үр дүн гарчихсан баймаар. Өнөөдөр бид үнэтэй машин, тохилог байртай, 100 жилийн өмнөхтэй харьцуулахад санаанд багтамгүй хангалуун амьдарч байна. Тэгсэн ч сэтгэлийн амар амгалан ирсэн үү? гэвэл хараахан үгүй болов уу. Материаллаг зүйл, гадаад юмс үзэгдэл шунаж хөөцөлдөх тусам хүний мунхаг, шунал хийгээд уур, атаа хорсол тэргүүтэн таван хорт сэтгэл дэвэрч байдаг гэж Бурхан багш айлдсан. Материаллаг зүйлийг хөөцөлдөөд хязгаар нь тулахгүй, тиймээс шуналаа дарах хэрэгтэй. Уур хүрч байвал асрах сэтгэлийг бод. Уурлуулж байгаа шалтгааныг ухаж бод. Бодохдоо энэ чинь өөрөө ч гэсэн зовлонтой амьтан шүү дээ гэж асрах нисүүлсэх сэтгэлийг үүсгэ гэж ном сударт их гардаг, дадуулахыг сануулдаг.
Тэр даруйд уур бухимдал энэрэх нисүүлсэх сэтгэлээр солигдоно. Хайр гэж энэрэх нигүүлсэх сэтгэлийг хэлнэ гэж Бурхан багш айлдсан. Танд шунал төрөөд байвал бусдад өглөг өг. Өглөгийн үрээр хүссэн зүйлс чинь аяндаа бүтнэ. Энэрэх нигүүлсэх сэтгэлийг бодож, бусдын тусыг эрхэмлэх нь гэгээрэл сэхээрэлд хүргэж, амар тайван амьдралын үүд нээгдэнэ. Тэр чинээгээр дараа дараагийн төрөл тутамдаа оюун санаа нь дээшилсээр Бурхныг хутгийг олж болно гэж номлодог. Амьтай бүхэн бурхан болох боломжтой. Тэр бүхэн өөрөөс чинь л хамаарна гэж үздэг. Өнөөгий нийгмийн бухимдал, үл ханах шуналт сэтгэлээс гарч байгаа гэж үзвэл үүнд шашин л туслах байх, шашин дотроо зөв үзэл, зөв сургааль номлол туслах юм. Өнөөдөр ямар байгаагаа хүнээс асуух хэрэггүй. Өчигдрөөсөө буюу өнгөрснөөсөө мэд гэдэг. Төмс тарьчихаад алим түүх боломжгүй, нэмэргүйтэй агаар нэг байх.
Өнөөдөр бид үнэтэй машин, тохилог байртай, 100 жилийн өмнөхтэй харьцуулахад санаанд багтамгүй хангалуун амьдарч байна. Тэгсэн ч сэтгэлийн амар амгалан ирсэн үү? гэвэл хараахан үгүй болов уу.
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг зөвхөн Монголд биш буддын шашинтай улс орнууд тэмдэглэдэг. НҮБ-аас 1999 онд улс орнуудад хандаж Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх уриалга гаргасан нь бурхны сургааль номлол хүн төрөлхтөний хөгжилд ямар их ач тустайг харуулсан шийдвэр болов уу?
Тийм ээ. Энэ нь хүн төрөлхтөний оюун санаанд үзүүлсэн ач гавьяаг санаж, Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, сургааль номлолыг нь судалъя гэсэн агуулгатай гарсан уриалга юм билээ. Энэхүү өргөн утга агуулгаар нь хүлээн авч тэмдэглэвээс эерэг үр дүн гарна гэж бодож байна. Монголчууд бидний хувьд хоёр дахь жилдээ бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна л даа. Жил өнгөрөх тусам нийгэмд бодитой өөрчөлт гарах байх. Ийм тийм шашинтай гэлтгүй шашнаас ангид нийтээр дагаж мөрдөх, ёс суртахуун гэж байна даа. Түүнийг л амьдралдаа хэвшил болгоё гэсэн агуулгатай гэж ойлгогдог.
Ажаад байхад бид өөрийгөө сонсох, дотогшоо анхаарах, үйлдсэн үйлээ хянах л дутуу байх шиг. Бидэнд эрх чөлөө, идэж уух, өмсөж зүүх бүхэн байгаа. Байхгүйг нь бүтээх боломжтой. Үүндээ үл ханаж бусдын бол сайн сайхныг ч шүүмжлэх, гутаан доромжлох, өөрийн бол үзэшгүй мууг зөвтгөх. Хилэнцэт муу үйл эхлээд сэтгэлд бодогдож төрж байгаад үг болж гардаг юм байна. Үг дахин дахин давтагдсаар үйлдэл болдог юм байна. Бид ер нь зөв сайн үйл өчүүхэн ч хийхгүй, бодохгүй байсаар яаж аз жаргалтай, амар тайван амьдрах вэ дээ. Бурхан багш зүгээр суугаад бай, бусдыг шүүмжилж, гутаагаад бай гэж айлдаагүй. Та хөдөлмөрлө, хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд амар амгалан ирнэ гэж айлдсан. Амар амгалан хаанаас гардаг вэ? гэхээр гадаад хүчин зүйлээс бус дотоод сэтгэлээс гарна гэж айлдсан. Өөрийн сэтгэлийг номхотгож чадсан тэр хүн хаана ч байсан амар амгалантай байна. Уулын мухарт юу ч үгүй хэвтэж байсан ч жаргалтай.
Мөн битгий амиа хичээ, бусдад өглөг өг, ёс суртахуунтай бай. Өглөгөөс эд эдлэл гарна, ёс суртахуунаас амар тайван байдал үүснэ гэж сургажээ. Тэвчээртэй бай. Оюун ухаанаа хөгжүүлэхэд хичээж бүх цагаа зориул. Сэтгэлээ тогтоо, бясалга гэж номлосон. Бурхан багш гэгээрэл сэхээрэлд хүргэх олон зарчим, арга замыг үзүүлсэн. Үүнээс өөрийн сэтгэлд бодож явдаг ойлголтоо хуваалцаж байгаа төдий юм.
Буддын шашны сургааль номлолын талаар дэлгэрэнгүй тайлбарласан Танд баярлалаа.
Баярлалаа, Та бүхэнд. Бурхан багшийн их дүйчэн өдрөөр буян бүгдэд шамдаж, хураасан буяныхаа үрд эгнэгт аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Залуучууддаа, нийт монголчууддаа “Энэрэлээр нэгдэж, эвээр бүтээе” гэж уриалъя.
Сэтгэгдэл бичих