Hийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “KFC” сүлжээ хоолны сүлжээ газарт буутай этгээд танхайрчээ. Хэргийн тухай дуудлага арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 05:50 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад тус зоогийн газар БЗД-ийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 40 настай эрэгтэй Э согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнуудыг айлган сүрдүүлж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Уг этгээд тухайн хоолны газраар үйлчлүүлж байхдаа бусадтай маргаан дэгдээж, улмаар буу гарган танхайрчээ. Цагдаагийн алба хаагчид ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан авсан байна.
Танхайрсан этгээдийг эрүүлжүүлэн, саатуулах арга хэмжээ авсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл бичих