Казахстан улс хичээлийн жил дууссаны дараа “Зуны сургууль” гэж нээхээр болжээ. Өнгөгсөн мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд Боловсролын сайд Асхат Аймагамбетов өнөөдөр энэ талаар олон нийтэд зарлажээ.
Энэ сургуульд өөрийгөө хичээлийн хоцрогдолтой гэж үзэж байгаа хүүхдүүд хамрагдаж, хичээлээ нөхөж үзэх боломжтой. Хүүхдийг зуны сургуульд хамруулахын тулд эцэг эхээс нь холбогдох өргөдөл гаргахад л болох гэнэ. Зуны сургууль нь сайн дурын үндсэн дээр хүн бүрт үнэ төлбөргүй байх боловч гол зорилго нь хоцрогдолтой сурагчдад чиглэнэ. Эцэг эхчүүдэд ч гэсэн хүүхдүүдийнхээ зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг нээж өгнө гэж үзэж байгаа ажээ.
Казахстаны хичээлийн жил тавдугаар сарын 25-нд дуусдаг бөгөөд зуны сургууль 26-наас нь эхэлж, зургаадугаар сарын 19 хүртэл үргэлжлэх аж. Хамгийн гол нь сурагчдыг заавал суулгана гэсэн албадлага байхгүй бөгөөд энэ ажлыг хийхэд нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэж сайдын мэдэгдэлд онцолжээ.
Сэтгэгдэл бичих