Эмэгтэй хүн заавал гэр бүл зохиож, гэрийн эзэгтэйн “дүрээр” амьдрах шаардлагатай гэх ойлголт ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд ганц бие эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, бүсгүйчүүд нөхөр, хүүхдэд бус ажилдаа илүү их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулахыг илүүд үзэх боллоо.
Зарим хүн ганц бие эмэгтэйчүүдийн ганцаардмал, сэтгэл зүйн хүнд байдалд байдаг мэтээр төсөөлдөг ч үнэн хэрэгтээ тэд гэр бүлтэй эмэгтэйчүүдээс илүү жаргалтай, тайван амьдардаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Тодруулбал, Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн тэд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг аж. Учир нь илүү тайван, жаргалтай, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдарч чаддаг аж. Мөн амьдралын хэв маяг, зуршил нь илүү эрүүл байдаг учир наслалтад нөлөөлдөг байна.
Судалгаанд хамрагдсан гэрлэсэн хосууд эхэндээ ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардаг гэж мэдэгджээ. Харин хүүхэдтэй болж, үүрэг, хариуцлага хүлээж эхэлмэгц үл ойлголцол бий болж, асуудал тулгардаг аж. Харин ганц бие эмэгтэйчүүдэд хэн нэгнийг ойлгох, хэн нэгэнд өөрийгөө ойлгуулах, бусдад хайрлуулахыг хичээх зэрэг шаардлага тулгардаггүй байна.
Харин гэрлэлт эрчүүдэд илүү “зохидог” аж. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг төдийгүй өөрийгөө үүрэгжүүлж, хариуцлагыг ухамсарладаг байна.
Сэтгэгдэл бичих