…“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдлоос хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд. Хоёр жилийн өмнө НҮБ-д илтгэл тавьснаас хойш юу ч өөрчлөгдөөгүй нь дургүйцлийг минь хүргэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний ирээдүйд төдийгүй бидний эрүүл мэндэд ч нөлөөлж байна. Энэ бол зөвхөн таны дэлхий биш, харин биднийх юм”… Энэ бол Сэлбэ сургуулийн Х ангийн сурагч У.Номундарийн “Дэлхийн Өдөр”-т зориулан бичсэн эссэний нэгээхэн хэсэг нь. Тэрээр 2019 онд 14 настайдаа үеийнхнээ манлайлж, Монгол Улсын хүүхэд, багачуудыг төлөөлөн НҮБ-ын “Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-д оролцсон бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын талаар НҮБ-ын индэрт илтгэл тавьжээ. У.Номундарь нь Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын залуу удирдагч мөн Олон Улсын Хүүхдийн эрхийн холбооны багийн гишүүн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-2019 онд НҮБ-ын “Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-д оролцон уур амьсгалын талаар илтгэл тавьсан байна. Анх та Монголоос хэрхэн сонгогдож, оролцохоор болсон бэ?
-Энэ талаар анх “Дэлхийн Зөн’-ийн веб сайтаас харж, оролцохоор шийдсэн. Нийт гурван шатны шалгаруулалтад оролцсон бөгөөд сүүлийн шатанд тэнцэж улмаар Нью-Йорк хотод болох НҮБ-ын төв байранд очиж илтгэл тавихаар болсон юм. НҮБ-ын “Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт” нь “Тогтвортой хөгжил 2030” гэх уриан дор явагдсан ба миний хувьд энэхүү хэлэлцүүлгийн 17 зорилтын 13 дахь буюу уур амьсгалын өөрчлөлт, түүнийг бууруулах сэдвээр ярьсан. Явахынхаа өмнө уур амьсгалын өөрчлөлт мөн хүүхдийн эрхийн талаарх судалгаа, мэдээллийг маш сайн цуглуулан бэлдэж байлаа. Тодруулбал интернэт, ном, гарын авлага зэргээс мэдээллийг цуглуулахаас гадна Дархан, Эрдэнэт хотуудад өөрийн биеэр очин хүүхдийн эрхийн талаар тодорхой ойлголттой болсон.
-Илтгэлийг сонсоход тоо, баримт мэдээллийг сайн цуглуулж, өөрийн өнцгөө сайн гаргасан байсан. Илтгэлээ хэрхэн бэлдсэн бэ. Хүмүүс чиний илтгэлийг сонссоноор юуг ойлгож мэдээсэй хэмээн хүсэж байсан бэ?
-Илтгэлийг судалгаа баримтаар баяжуулахаас гадна ээжийн минь надад ярьж өгдөг түүх дээр үндэслэж бичиж байлаа. Жишээлбэл, “Намайг жоохон байхад цас ийм зузаан орж, биеийн энэ хэсэг хүрдэг байлаа. Бүр явж чаддаггүй байсан шүү. Тэгтэл одоо тийм ч сүртэй хүйтэн биш байна” зэрэг энэ бүгдийг сонсоход цаанаа атаархах шинж төрдөг байсан юм. Иймд илтгэлдээ үүнийг дурдаж “Миний аав, ээжийн үед байгаль, дэлхий ийм байсан. Гэтэл яг одоо бидний үзэж, мэдэрч байгаа зүйл агаарын бохирдол болж хувирсан байна. Бид хотоос гарах эсвэл “Sky Resort” орох зэргээр цэвэр агаар амьсгалдаг. Агаарын бохирдол нэн ялангуяа надад болон миний үеийнхэнд хувийн гэмтэл учруулж байна. Тодруулбал, би сар гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Ханиалгаж байсан боловч ханиад биш байлаа. Анхны онош харшлын ханиад хэмээн гарч өглөө, өдөр, орой байнга дусал залгуулан, үнэтэй эм уун сар гаруйн хугацаанд хэвтсэн. Сайн дээрдэхгүй байсан тул дахин өөр эмнэлэгт үзүүлтэл астма хэмээн онош гарсан юм. Битүү орчинд удаан байх, утаа зэрэг нь миний уушгийг гэмтээн тус өвчин үүссэн” зэргийг оруулж өгсөн.
Би дээрх бүх мэдээллийг сургууль, багш болон өөр ямар нэгэн том хүнээс мэдэж аваагүй. Зөвхөн өөрөө хайж олох эсвэл Дэлхийн зөнгөөс надад өгсөн мэдээлэлд болон Дархан, Сэлэнгэд очсоноор илүү ихийг мэдэж авсан. Үүний дараа найзуудаасаа дэлхийн дулаарал, уур амьсгалын талаар асуухад “Нээрээ дэлхийн дулаарал болж байгаа гэлүү. Дулаахан болоод харин ч гоё юм биш үү гэх зүйлсийг ярьж байлаа. Иймд хүрээлэн буй орчин, дэлхийд ийм зүйлс болоод байна аа. Үүнийг томчууд та бүгд мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө яагаад бид нарт / хүүхэд, багачууд / юу ч хэлэхгүй нуугаад байгаа юм бэ. Жоохон юм чинь, хүүхэд юм чинь чимээгүй бай! гэх хандлагаа болиод хүүхэд багачуудад юу болоод байгааг хэлж тайлбарлах хэрэгтэй байна. Ингэж байж бид ч гэсэн тусална шүү дээ. Харин найзууд минь бид аль болох хэмнэлттэй амьдрах хэрэгтэй байна. Жишээлбэл, хэрэглэхгүй тогоо салга, хэрэглэхгүй усаа хаах зэрэг ийм жижигхэн зүйлээс бүх юм шаардагдах тул үүнд анхаарал тавиасай” гэх агуулгыг харуулсан. Хэрвээ та миний илтгэлийг үзэх юм бол “Өө нээрээ ийм юм болж байгаа юм байна шүү дээ! Тэгвэл үүний төлөө хамтдаа тэмцье, хамтдаа арга хэмжээ авъя” гэсэн талаас бичихийг оролдсон юм.
-Судалгаа, мэдээлэл цуглуулж явахад хамгийн их юу бодогдож ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Энэ бүх судалгааг хийн, нөхцөл байдалтай танилцсаны дараа миний уур маш их хүрсэн. Биднээс яаж ийм их мэдээллийг нууж чадаж байна аа. Яаж бид нарт хэлэхгүй байж чадаж байна аа гэдэг бодол төрсөн. Үүний дараа өрөвдөх сэтгэл мөн төрсөн. Учир нь миний үеийнхэн, миний дараагийн үеийнхэн ирээдүйд одоо миний, миний эмээ, ээжийн мэдэрч байгааг, мэдэрсэн тэр байгалийн сайхан мэдрэмжийг мэдэрч чадахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай бас өрөвдөлтэй.
Танд, энэ байдал маш шударга бус санагдахгүй байна уу. Бид мөн бидний дараа үеийнхэн ердөөсөө ийм байгалийг бий болгоогүй, энэ их цахилгааныг бий болгоогүй. Бид хайхрамжгүй хандаагүй, гол усыг бохирдуулаагүй тэгсэн мөртлөө бид та нарын араас “Хүүе ээ энд ийм юм болоод байна шүү дээ, энд анхаар л даа” гээд та нарын анхаарлыг татах гэж ингэж байгаа нь шударга бус санагддаг.
-Уур амьсгалын өөрчлөлт манай улс төдийгүй олон орны тулгамдаж буй асуудал болж байна. Энэ асуудалд насанд хүрэгчид ялангуяа албаны хүмүүс ямар дорвитой шийдэл, шийдвэрийг гаргаасай хэмээн хүсэж байна. Яг одоогийн байдлаар хангалттай ажлыг хийж чадаж байна уу?
-Энэ тухай би сайн хэлж мэдэхгүй байна. Мэдэхгүй гэдэг үг нь өөрөө тодорхойлолт болж байгаа юм. Учир нь би яг ямар ажил хийж байгааг нь ерөөсөө мэдэхгүй, мэдэхгүй болохоор ажлаа сайн эсвэл муу хийж байгаа хэлэх боломжгүй. Би уур амьсгал, хүүхдийн эрхийн талаар судлаад явж байхад улс төр ийм арга хэмжээ авсан гэх зүйл огт олж уншсангүй. Ихэвчлэн ийм асуудал байна шүү гэснээс үүнийг шийдвэрлэсэн шийдвэрийнх нь талаар ямар ч фэйсбүүк хаяг, сайт хэвлэлд бичээгүй байсан. Тэгэхээр сайн муу гэдгийг ёстой бүү мэд. Ер нь юм хийж байгаа юм уу сайн мэдэхгүй байна. НҮБ руу явж ирснээр нэг зүйлийг мэдэж авсан. Өөрчлөлт, шийдвэр гэдэг тийм ч хурдан гардаггүй юм билээ. Учир нь үүнийг улс төрийн нөлөө бүхий болон бусад олон хүний үзэл бодол нэгдэн нийлж нэг шийдвэрт хүрснээр авч хэрэгжүүлэх тул тийм ч амар гардаггүй. Тиймээс би шийдвэр гэхээс илүү үйл ажиллагаанууд явуулаасай гэж хүсэж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд хүүхдүүдэд энэ талаар мэдээлэл сайн өгчих юм бол тэд хийгээд эхлэх болно. Жишээлбэл, Би НҮБ руу явсны дараахан сургуулийн захиралдаа “Уур амьсгалын талаар манай ангийнхан ерөөсөө мэддэгүй юм байна аа. Энэ тухай 9-11-р ангийнханд хичээл орж болох уу” хэмээн зөвшөөрөл авч үе тэнгийнхэндээ тайлбарласан. Энэ хичээлийн дараа хүүхдүүдээс “Хүмүүс заавал үүнийг хэлэх шаардлагагүй, бүгдээрээ ийм аян эхлүүлье, жинхэнээсээ ийшээ очиж цэвэрлэе” гэх зэргээр олон санал гарч ирсэн. Иймд би нэг зүйлийг хүсмээр байна. Хүүхдүүдэд уур амьсгал, болж байгаа зүйлсийн талаар мэдээлэл өгөөч ээ гуйж байна. Хүүхдүүдийн гаргах саналыг мөн сонсоосой. Энэ тал дээр сайн ажиллаасай гэж хүсэж байна.
-Чиний бодлоор ирээдүйд магадгүй 10-20 жилийн дараа энэ бүгд өөрчлөгдөх болов уу. Монгол Улс хэрхэн өөрчлөгдөж, хөгжөөсэй хэмээн хүсэж байна?
-Яг үнэнийг хэлчих үү.
-Тэгэлгүй яах вэ?
-Миний бодлоор 10-20 жилийн дараа нэг их сүртэй өөрчлөлт гарна гэж бодохгүй байна. Бид агаарын бохирдлыг 10 гаруй жил ярин, ярин байж ашгүй энэ жилээс гайгүй болж эхэллээ. Үүнээс гадна өчнөөн олон асуудал ар араасаа гарч ирсээр байна. Ирээдүйд буюу 10-20 жилийн дотор юу өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна вэ гэвэл би хүмүүсийн хандлага мөн бодол өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна. Тодруулбал, “Би гаргаагүй юм чинь, би ингээгүй учир тэгмээргүй байна” гэх хандлага байдаг. Үүний оронд 1950, 1960, 1980 гээд өмнөх онд байсан шигээ л бүгд нийлж нэг бодлоор сэтгэдэг, хүн бүхэн ирээдүйнхээ төлөө яваасай гэж хүсэж байна. Түүнчлэн эцэг эх нар хуучин арга барилдаа бүү зууралдаасай. Заавал хүүхдийг зодож байж хүмүүжүүлнэ. Заавал ингэх, тэгэх хэрэгтэй гэхээс илүү орчин үетэйгээ нэгдэж үзэл бодлоо өөрчлөөсэй гэж хүсэж байна.
Томчууд байгаль орчноос илүү өнгө, мөнгөний төлөө биднийг чиглүүлснээр байна
-Томчууд зарим зүйлсийн талаар хангалттай мэдлэг мэдээллийг, хүүхдүүдэд өгөхгүй байна гэдэг ч нөгөө талдаа хүүхдүүд өөрсдөө сонирхохгүй, асуудаггүй гэж ярьдаг хүмүүс ч байдаг шүү дээ. Томчуудад ямар буруу хандлага байдаг вэ. Мөн энэ нь хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүүхдүүд яагаад байгалийн талаар ярихгүй, сонирхохгүй байгаа юм бэ гэдэг. Яаж ярих юм бэ. Даалгавар бас бусад хийх зүйлсээр шахагдаж байна. Түүнчлэн “Дэлхийн дулаарал боллоо. Ийм юм болж байна гэнгүүт үүнийг нь сайн тайлбарлаж эсвэл нэг тийм хөнгөхөн асуудал шиг яриад өнгөрчихдөг. Томчууд өөрсдөө хүүхдүүдэд сайн тайлбарлаж хэлэхгүй болохоор тэд энэ асуудлыг үл ойшоож, сүртэй зүйл биш юм байна гэж боддог. Мөн хэрвээ бид ямар нэг юм хэлэх гэж оролдонгуут чи юугаа мэдэх юм гэх нэг хандлага байна. Ийм хандлага байнгуут цаанаасаа юм хэлэх гэж байснаа “За за би юугаа мэдэхэв дээ” гээд хойшоо суучихдаг. Яг үнэнийг хэлэхэд би өмнө Дархан, Сэлэнгэд эцэг эхчүүд, томчууд хоорондоо юм ярингуут дандаа чимээгүй байдаг байсан. Тэд хоорондоо ‘Ингэсэн нь дээр байхгүй юу. Ингэхээр хүүхдүүд ойлгодог” гээд хэлэхэд нээрээ л тийм юм байхдаа гэсэн бодол гэнэт төрж ирнэ. Яагаад гэвэл бид амьдрал гэдэг юу болохыг хараахан мэдэхгүй, үүнд дөнгөж суралцан яваа. Сурч байгаа энэ үйл явцад томчууд минь бидэнд “Байгаль орчин гэдэг нэг их чухал биш өнгө мөнгө чухал. Ирээдүйд чи мөнгөгүй, мэдлэггүй бол амьдарч чадахгүй. Ирээдүйд чи математикийн наад томъёогоо бодож чадахгүй бол амьдарч чадахгүй” гээд заахад үүнээс өөр юм бодох боломж үнэндээ олддоггүй шүү дээ.
Хэрэв яг одоо сургуулийн хүүхдүүд дээр очоод юу бодож байна гэж асуувал тэд “Өлсөөд байна, тогломоор байна, өө одоо шалгалттай, даалгавартай гэдэг ч юм уу ийм цөөхөн хариултыг хэлэх болно. Яагаад гэвэл тухайн үед, одоо бидний санаа зовох зүйл нь өнөөдрийн даалгавар, маргаашийн шалгалт гээд биднийг дөрвөн ханан дотор боочихсон, үүнээс өөр юм бодуулахгүй. Өөр юм бодох, сэтгэх боломжийг олгохгүй байна. Манай ангийн хүүхэд надаас. “Чи эдгээр зүйлсийн хажуугаар яаж амжаад байгаа юм бэ”. гэж асууж байсан. Энэ асуулт надад маш сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл би чинь хүүхэд шүү дээ. Надад завнаас их юм уг нь байх ёсгүй шүү дээ.
–Тэгвэл яагаад хүүхдүүдэд энэ тухай заавал мэдүүлэх ёстой вэ, яагаад хүүхдүүдийн оролцоо энд чухал вэ?
-Бид нэг дэлхий дээр нэг агаараар нэг хүчил төрөгчөөр амьсгалж, амьдарч байна. Энэ бүхнийг байгалиас үнэгүй өгч байгаа. Бид үүнийг өөрсдөө боловсруулаагүй. Модноос хүчил төрөгч, уснаас усны хэрэгцээгээ авч байна гэх зэргээр хүмүүс байгальтайгаа уялдаа холбоотой амьдардаг. Гэтэл энэ талаар бидэнд ерөөсөө ярихгүй байх нь харин сонин санагдаж байна. Бидний өдөр тутам эдэлж хэрэглэдэг бүхий л зүйлс шууд байгаль эхтэй холбоотой. Цаас, толийг хүртэл байгалиас гаргаж авдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ талаар огтхон ч ярьдаггүй. Модноос цаасыг гаргадаг тэгэхээр ийм их цаас байгаа юм чинь хэр их мод тайрсан байж таарах уу гэдэг талаар ерөөсөө хэн ч ярьж байгаагүй.
Охидууд, хүүхдүүд энэ будгийг авмаар байна, энэ хувцсыг авмаар байна гэж ярьдаг мөртлөө эдгээр олон төрлийн хувцсыг хэрхэн хийдэг вэ, яаж гаргаж авдаг вэ зэргээр асуудаггүй. Асуудаг болох хэрэгтэй. Яагаад гэвэл эд бүгд байгалиас бидэнд өгч байгаа үнэгүй зүйл. Энэ үнэгүй зүйлийг бид хайр найргүй цацаж байгаа боловч энэ талаар “Өө хөөрхий гол минь бохирдоод байхад бид яагаад цэвэрлэхгүй байгаа юм бэ” гэдэг талаар ярьж байгаа хүн маш ховор сонсогддог. Гэтэл нэг сайн дурын ажил болонгуут л бүгд “За нэг голоо, хогоо цэвэрлэцгээе. Тэнд байгаа хогийг авцгаая гэж ярьдаг боловч харин энгийн үед энэ талаар огтхон ч ярьдаггүй. Энэ талаар ярих хэрэгтэй. Учир нь ирээдүйд бид энэ ертөнцийг эзэмшин, авч явах хүмүүс юм.
-Ярилцлагаа өөрийн чинь талаар үргэлжлүүлье. Хобби, сонирхол болон дуртай хичээл нь ямар хичээл вэ?
-Хэлний чиглэлийн хичээлдээ сонирхолтой. Хобби гэвэл ном унших дуртай. Мөн юмнаас маш хурдан уйддаг. Тийм учир маш олон хоббитой байсан. Улмаар бүжиг, усанд сэлэлт , шатрын дугуйланд явж үзсэн. Тогтмол сонирхол байхгүй.
-Үе тэнгийнхэндээ хандан хэлэхийг хүсдэг зүйл бий юу. Үүнийг өөрчилчих юмсан эсвэл энийг л миний үеийнхэн, цаашлаад ах эгч нар маань мэдээсэй гэж боддог зүйлсийнхээ талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Маш аюултай асуулт байна. Яг надаас өөр өдөр асуувал өөр хариулт өгөх байх. Өнөөдөр асууж байгаа хариулт нь уур амьсгалын талаар байх болно. Миний үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээсэй. Хүмүүс хэлэхгүй байлаа ч би аль болох хангалттай мэдээллийг өгч чадна аа. Аль болох хүмүүст дуу хоолойгоо хүргэнэ ээ. Надтай нэгдээрэй. Бүгдээрээ хэрэггүй юмны талаар ярихын оронд яг гол гэж байгаа асуудлыг барьж авч ирээдүйнхээ төлөө явмаар байна. Уур амьсгалын талаар сайн мэдээсэй гэж хүсмээр байна. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу болоод байгааа яаж туслах гэдэг тал дээр. Яагаад гэвэл уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхөд нэг их том зүйл хийх шаардлагагүй. Хэрэглэхгүй тогоо унтраан, усаа гамнаж, хогоо гадаа хаяхаа болих зэргээр өдөр тутмын муу зуршлаасаа салахад аль хэдийн уур амьсгалын өөрчлөлт багасна. Ийм учир бөөнөөрөө нэгдэх хэрэгтэй байна.
-Цаашид ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ. Өөрийн зорилго болон мөрөөдлөөс хуваалцана уу?
-Сэтгэл зүйч болно гэж бодож байна. Би юмнаас маш хурдан уйддаг төрлийн хүн. Харин ганц уйдаагүй зүйл нь хүний сэтгэл зүй. Яагаад гэвэл хамгийн ойлгох боломжгүй зүйл юм.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл бичих