Багтраа, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижин, мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс коронавируст халдвараар хүндээр өвчилж байгааг ЭМЯ-наас 16.00 цагт хийсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн их эмч Г.Хонгорзул онцлов.
Тэрбээр энэ үеэр коронавируст халдварын үеийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэхдээ, ‘Коронавирусээр халдварласнаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоног гэж үзэж байгаа бол манай улсын иргэдэд дунджаар 4-5 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. Шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний 1-2 хоногт халуурах, хоолой хөндүүрлэх, дотор муухайрахаас гадна зарим үед суулгах зовуурь илэрнэ. Халдварын 3-4 дэх хоногт хоолой хөндүүрлэх, хоолой сөөх нь давамгайлна. Тав дахь хоногоос толгой эргэх, ядарч сульдах, халууны хэм нэмэгдэх бол 6 дахь хоногт хуурай ханиалга нь цэртэй ханиалгаар солигдоно. Харин 7-8 дахь хоногт цээжээр хөндүүрлэх, амьсгалах үед давчдах, цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байна’ гэв.
Мөн тэрбээр эдгээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлгийн байгууллагад очилгүй ХӨСҮТ-ийн 119, 8008 6929 дугаарт хандаж зөвлөгөө авах боломжтой. Иргэд халуураад эмнэлэгт их хандаж байна. Халуурсан бүхэн коронавирусний халдвар биш. Яаран эмнэлэгт очсоноор халдвар авах эрсдэлийг илүү нэмэгдүүлнэ. Шинж тэмдэггүй өвчлөл бүртгэгдэж байна. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс халдвар их тарааж байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. Тиймээс иргэдийг гэрээсээ гаралгүй, халдварт өртөхөөс сэргийлэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл бичих