Манай улсын Эрүүл мэндийн салбар анхаарлын төвд байдаг. Монгол хүний эрүүл мэнд, амь настай салшгүй холбоотой учраас тэр. Эл салбарыг тойрсон элдэв, хардлага, сэрдлэг олон жилийн өмнө ч байсан өнөөдөр ч хэвээрээ. Үүнийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хийсэн мэдэгдлийг хэрхэн мушгин гуйвуулснаас тодорхой харж болохоор байна.
Хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн яам, Эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл , хүүхдийн эмч нар, Төрийн бус байгууллагууд, Азийн хөгжлийн банкны төлөөлөл хуралдаж, “Виферон” лааны эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай гэж санал нэгдсэн тухай мэдээлэл гарсан.
“Виферон” лаа хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй байжээ
Тодруулбал, 2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан “Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэх явцад эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эм, эмийн бүтээгдэхүүнд эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт гаргасан байдаг бөгөөд дүгнэлтийг ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгч байжээ.
Өдгөө хүйтний улирал эхэлж байна. Ханиад томууны дэгдэлтийн оргил үе удахгүй ирнэ. Яг үүнтэй зэрэгцүүлэн Эрүүл мэндийн сайдын мэдээллийг гуйвуулж, эмийн бизнестэй хольж, улстөржүүлж буй нь санамсаргүй үйлдэл биш ч байж мэднэ.
Вирусын эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч, мэргэжилтнүүд энэ салбарын удирдлагуудад хэлж анхааруулсаар ирсэн аж.
Энэ үед Эрүүл мэндийн даатгалын сангаас “Виферон” лааны үнийг 80 хувь хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд, ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн төдий. Гэтэл үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсч байгаагаа Д.Сарангэрэл сайд олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрхүү мэдэгдэлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд бизнес байхгүй. Миний том ашиг сонирхол бол ард түмнээ, тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай, аюулгүй, өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг, хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай. Цаашид эмийн бүртгэл, зөвшөөрөл, хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа. Эцэг, эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж байж үр хүүхдээ, өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй” хэмээжээ.
Сэтгэгдэл бичих