ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнгөрсөн хоёр хоногт нийтдээ 940 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Тус шинжилгээнд 8 дугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар нислэгээр ирсэн 261 хүний давтан, 9 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар нислэгийн онгоцоор ирсэн 240 хүн, Зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77, 8 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 100 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, гадны улсын 18 төлөөлөгч, ажиглах байранд тусгаарлагдсан 114, тандалтын зорилгоор цуглуулсан 10, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа 36 эмч, ажилтан, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдлын 301 буюу 96.8 хувь нь эдгэрчээ. Үүнээс 277 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусан бол гэрийн ажиглалтад 14, сувиллын ажиглалтад 10 хүн байна.
ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.
Сэтгэгдэл бичих