Өвөрмонголчууд Монгол, хэл бичгээ хамгаалахаар тэмцсээр байна. Тэдний тэмцэл дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд хүч нэмж, олуулаа болсоор. Гол шаардлага нь, Өвөрмонгол сурагчдад хуучин сургалтын системээр буюу Монгол хэл, бичгээр хичээлийг нь заадаг болгохыг шаардаж байна. Гэвч, БНХАУ энэ бодлогоо эргэн харахгүй, тэднийг элдвээр шахаж хавчих, хорино, цагдана гэж айлган сүрдүүлэх болжээ.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН СУРАХ БИЧГИЙН АГУУЛГЫГ ӨӨРЧИЛЖ, ХЯТАДЫН СУРТАЛ НОМЛОЛЫГ ОРУУЛЖЭЭ
Хятадууд Өвөрмонголчуудыг уусгаж авахын тулд эртнээс л сурах бичгийн агуулгыг аажмаар өөрчилж ирсэн гэдэг. Тэгвэл энэ удаад ил цагаандаа гарч, Хятад хэлээр хэвлэсэн сурах бичигт Монголын түүх, өв уламжлалтай холбоотой хэсгүүдийг нь хасаж, оронд нь Хятадын түүх, сургууль номлолыг багтаах болжээ. Тухайлбал, энэ жилийн сурах бичгийн Монголын орчин үеийн сонгодог уран зохиолын бүтээлүүдийг хассан байна. Д.Нацагдоржийн ‘Миний нутаг’, Б.Ренчины ‘Монгол хэл’, Б.Лхагвасүрэнгийн ‘Боржигний бор тал’ гэдэг бүтээлүүдийг сурах бичгээс хасаад, Мао Зедуны ‘Ард түмэнд үйлчилье’ бүтээлийг орулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлэн уран зохиолын хичээлийг суртал ухуулгын зэвсэг болгон ашиглахаар нэгэнт шийджээ.
ӨНӨӨДӨР 12 ЦАГААС ӨМНӨ ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД НЬ АВЧРАХГҮЙ БОЛ ХОРИНО ГЭЖЭЭ
Хэрэв БНХАУ шийдвэрээ эргэн харахгүй бол Өвөрмонголчууд хүүхдээ сургуульд явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл, хүүхдээ сургахгүй бол цагдана, хорино хэмээн эцэг эхчүүдийг дарамтлах болжээ. Ингэхдээ өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 3-ны 12 цагаас өмнө хүүхдээ сургуульд нь өгөхгүй бол сахилга батын шийтгэл ноогдуулах, цаашилбал, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна.