Цар тахлын улмаас улсын хил хаасантай холбоотойгоор агаарын зорчигч тээвэр хязгаарлагдаж, гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдаад байгаа юм.
Тухайлбал, оны эхний долоон сард нэг тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 218 орчим сая ам.доллар буюу 18 хувиар буурчээ.
Дашрамд дурьдахад, УИХ-д Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах төслийг нэр бүхий гишүүд өргөн бариад байгаа юм.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай ‘Давхар татвараас чөлөөлөх тухай’ хэлэлцээр, 24 улстай ‘Худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр’, 42 улстай ‘Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай’ хоёр талт хэлэлцээрийг байгуулаад байна.